Wednesday, September 27, 2017

Хандлага

Блогоо бичиж байна гээд л худлаа яриастай гэснээс ойрд блогоор дамжуулж танилцсан найзууд, танилуудтай тааралдаад сайхан байнаа. Дээр нэг найзын ажил дээр өдрийн хоол идсэн, дараа нь бас нэг блогчинтой боргол уусан. Саяхан нэг хөөрхөн бүсгүйтэй хурал дээр тааралдсан. Өчигдөрхөн бас нэг найз гэрээр минь ороод гарлаа. Ингээд бодсон ерөөсөө л блогоо бичиж байхаас гэхгүй юу хэхэ.

Бичих гэхээр зөндөө л олон сэдэв байгаад байдаг. Бичихгүй удахаар гар, үг хоёр эвлэдэггүй. Би сүүлийн үед энэ нийгмийн харилцаа, хүмүүсийн хандлагаас болж их нервтэж байнаа. Яг яамаар ч юм бүү мэд. Манайх хотын төвөөс жаахан зайдуу болоод ч тэрүү орчиноо дагаад ч юмуу энэ хавийн улс, хөршүүд маань жаахан хэцүүхэн гэхүү дээ.

Жишээ 1.

Хэд хоногын өмнө хүү бид хоёр албандаа явах гээд гартал манай гаражыг машин таглаад зогсчихжээ. Цонхон дээрх утсаар залгалаа, авдаггүй. Залгасаар сүүлдээ уур хүрэв. Машины хамраа жаахан гаргаж ирж байгаад сигналаа хичнээн ч удаан дарсан юм бүү мэд, гарч ирэх амьтан лав байсангүй. Аргаа бараад замын цагдаа, таньдаг цагдаа, ачилтын газар гээд хавийн нэг газар луу залгасан ч тийшээ ийшээ ярь гэсээр сүүлдээ залхаад уур хүрээд зогсож байтал түрүүнээс хойш машин дотроосоо хараад байсан залуу яасан, утсаа авахгүй байгаа юмуу, энэ П... уг нь надтай юманд явах юм. Аль би залгаад үзье гэдэг байгаа. Төд удалгүй машины эзэн залуу ч гарч ирлээ. Би ч боож үхэнгээ алдаад хашгирч өглөө. Тэгсэн наад дугаар чинь биш энд дугаар байна хардаггүй юмуу гэнэ. Заасан зүг рүү нь хартал модны өөдөс дээр балаар арай ядан мурий сарий дугаараа бичжээ. Хэн тэр модны өөдөс дээр дугаар байна гэж бодох вэ дээ.



Жишээ 2.

Сард зоолттой нэг удаа манай дээд айлаас ус алдана. Өнгөрсөн өвлийн сүүл сард нойрон дунд бороо ороод байх шиг, энэ жилийн бороо ямар эрт орж байнаа гэж бодсон хирнээ сэрж чаддаггүй. Сүүлдээ яалт ч үгүй босоод цонхоор хартал юу ч алгаа. Гайхаад коридортоо гартал пэээ унтлаганы өрөөнөөс нил ус. Энд тэндгүй ус дуслаад, хамаг обой, шохой хуураад, хамаг шал пөмбийгөөд ярих ч юм биш. Тэгтэл саяхан урд өрөөндөө ортол бас л нэлийтэл их ус, өнөө гаднаас чирж ирсэн үнэтэй сайхан номнууд эхнээсээ норчихсон. Өмсөж амжаагүй байсан шошготойгоо хувцаснууд дээрээс дуслах шохойтой устай зууралдаад бүгдийг химид өгөхөөс өөр аргагүй болжээ. Улаан галзуу юм гүйсээр дээд айлын хаалгын бараг цөм цохиж ороод би галзуурав.

Жишээ 3.

Хүүг саяхан цэцэрлэгээс авах гээд очтол миний хүүгийн ангийн яг цонхон доор нь байдаг сандал дээр хоёр жаахан залуу (бараг хүүхэд) тамхи татаад сууж байх юм. Би ч хашгираад л хүүшээ цэцэрлэгийн цонхон доор хүүхдүүд байгааг мэдсээр байж, тэгээд бүр цонх онгорхой байхад тамхи татаад байхдаа яадаг юм бэ. Яваачээ, зайлаачээ гээд л уурлав.

Жишээ 4.

Манай хажуу айл эзэнгүй байж байж бүтэн сар шахуу засвар хийгээд шинэ эзэнтэй болов оо. Өмнөх айлын эхнэр үе үе архи ууж, хаалга үүд балбаж, бөөн чимээ гаргадаг байсан болохоор энэ удаад би гайгүй л айл байрыг нь авсан байгаасай гэж хүссэн ч хүсэл минь талаар болжээ. Саяхан нэг орой хүүхдээ унтуулах гээд яг хэвттэл өрөмдлөгө хийх чимээ гараад эхлэх нь тэр. Босоод л хаалгыг нь нүдээд бид хүүхдээ унтуулах гэж байна. Тэгээд ч оройн 8 цагаас хойш орон сууцанд өрөмдлөгө, засварын ажил хийхийг хориглодог гэж ууртайхан хэлээд хаалгыг нь хаатал эргээд л өрөмдөөд эхлэх нь тэр. Шал дургүй хүрээд хаалгыг нь өшиглөөд, онгойхоор нь дахиад л хэлэв. Тэгсэн өөрийн байранд юу хийх нь миний дур гээд хамрыг минь хавчих дөхөөд хаалгаа хаачихав хэхэ. Хориод минут өрөмдлөгө хийгээд дууслаа, би ч хүүхдээ унтууллаа. Тэгтэл яасан гээж шөнийн 12 өнгөрч байхад л дахиад л өрөмдлөгөө хийгээд эхлэх нь тэр. Үнэн тэнэг ээ нээрээ.

Гэх мэт уур цухал хүргэсэн хэнэггүй, тэнэг хүмүүс ер нь зөндөө байна. Амралтын өдөр бүрийг гаражны үүд таглаад алга боллоо, утсаа бичиж үлдээсэнгүй гэж эхлүүлэхээс залхаж байна. Эцэст нь миний өөртөө хийсэн дүгнэлт. Би бухимдах биш, хандлагаа, харьцаагаа өөрчилж, үгээ зөв сонгож хүнтэй харилцаж, ерөөсөө л харилцааны урлагт суралцах хэрэгтэй юм боловуу гэж бодов.

Ухаандаа бол модны өөдөс дээр дугаараа бичсэн залууг хөгшөөн чи уг нь аятайхан залуу байна шт, жаахан хэнэггүй зангаа засчихвал ч тээ. Дугаараа аятайхан тод харагдах газар биччихгүй дээ бла бла гэх ёстой байж. Магадгүй миний үгэнд бусдын хэлдэгээр хошгороод дугаараа тод бичээд тавьчих ч юм билүү.

Тамхи татаад сууж байгаа хоёр залууг шууд загинаж уурлалгүй. Боловсролтой, тохитой хүүхдүүд шиг л харагдах юм энд битгий дахиж тамхи татаарай. Ер нь тамхиа хаячихвал бүр ч хөөрхөн хүүхдүүд болох нь гэж хэлдэг ч байж үү.

Хажуу айлын хаалгыг тогшоод шинэ нүүж ирсэн айл уу. Би танай хөрш байна, хөөх танай засвар ямар гоё болоо вэ. Хүүшээ манайх хүүхдээ эрт унтуулдаг юмаа. Маргааш өрөмдлөгөө хийчих, өнөөдөр өөр юмаа хийж байж болох уу гэдэг ч юмуу арай өөрөөр хандвал энэ нийгэмд байгаа соёлгүй, бүдүүлэг, хэнэгггүй, тэнэгдүү хүмүүс арай өөр болох юм болов уу гэсэн горьдлого тээгээстэй.

Эсвэл ерөөсөө тэнэг хүмүүс тэнэгээрээ л дуусна. Би бушуухан аятайхан газар луу нүүх минь гэж амиа хичээх ёстой юу. Энэ бүх хүмүүс, энэ бүх айлын цаана хүүхдүүд бий. Тэд зөв, ухамсар дадалтай өсч байж энэ нийгэм жаахан ч гэсэн өөрчлөгдөнө биз дээ. Яамаар ч юм дээ мэдэхгүй. Их сургуулийн оюутнууд коридортоо нэгэндээ төвөг бололгүй зөрчихөж чадахгүй, тусад нь хүн гаргачихсан баруун гарын дүрэм баримтална уу, баруун гарын ханаа дагаж явна уу гэж заалгаж байхад юун тэр боловсрох, юун тэр баклавр. 

5 comments:

  1. Ter oromdlogo bol arai hetertsen yumaa, deer ni bi bas baahan Face-eer nervtlee, KFC hortoi bitgii avch idee geed l neg ni bichinguut, bitgii ingej hudlaa yari, batalgaa ni haana bna geed l ehleh yum? zundoo bna haigaad uz geeheer, chi chaddagiin bol orchuulaad tavichaach geh yum? Gui ee tegeheer ni tegvel ter horoo ideed hort havdaraa tusaad uh geheer yasan stresstei amidardag yum gene. Medehguiee

    ReplyDelete
  2. Хаана дайралдсанаа мэдэв. Хальт ороод бараг зураг даруулаад гарсан байхад сүрхий гярхай байна шүү. Харамсалтай нь би чамайг танихгүй юм даа, хэхэ.

    ReplyDelete
  3. Mongoldoo ochij amidriya geed yavsan chini ter niigmiin orchind ni, humuusiin hariltsaand ni dasdagguiee tegeed butsaad irsen shd.

    ReplyDelete
  4. Bi tegj taaraldah yumsan. Goy Yuma. Amjilt husey.

    ReplyDelete

Pages